2010-12-26

Тавилангаасаа зөрж чадахгүй энэ амьдралыг яалтай ч билээ | түүх захидал

/Gaymongolia@yahoo.com -аар захидал илгээж болно/
Нийгэмд ижил хүйстнүүдийн тухай олон янзын ойлголт байдаг. Зарим нь тэднийг буруутгаж, зарим нь ойлгохыг хичээдэг Өөрийгөө гей хэмээн танилцуулсан нэгэн залуутай санаандгүй танилцаж нууцлаг амьдралынх нь хөшгийг нээхийг хичээлээ. Тэрбээр жинхэнэ нэрээ нууцалсан ч хүрээнийхэн нь Ванити нэрээр нь анддаггүй гэсэн.



-Өөрийгөө танилцуулаач?
-Би 22 настай. Сэтгэл зүйч мэргэжлээр суралцаж, хажуугаар нь ТББ-д ажиллаж байна. 17 настайгаасаа эхлээд ТББ болон олон улсын байгууллагад ажиллажээ. Өөртэйгээ ижилхэн хувь тавилантай нэгэндээ тусалж, сэтгэлийн дэм хайрлах ажилд ханцуй шамлан орсон. Нэг үеэ бодвол өөрийгөө нээх бодолтой миний адил ижил хүйстэн залуус олон болж. Үүнд манай ТББ их үүрэг гүйцэтгэдэг.
-Уучлаарай, бэлгийн чиг баримжаагаа бусдаас өөр гэдгийг хэзээ мэдсэн бэ. Зарим нь бусдад уруу татагдаад гей болсон гэдэг.
-Бусдад уруу татагдана гэсэн ойлголт байхгүй. Гей гэдэг нь төрөлхийнх шүү дээ. Би бэлгийн чиг баримжаагаа 14 насандаа мэдсэн. Бусдыгаа бодвол харьцангуй эрт мэдсэндээ баярладаг. Манай ангийн хөвгүүд хөөрхөн охидод захиа өгөөд гүйж явахад би “ямар гоё ах вэ” гээд ижил хүйстнээ сонирхож байгаагаа ч ойлгодоггүй байлаа. Ер нь бэлгийн чиг баримжаагаа эрт тодорхойлж өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрсөнд гэр бүлийн оролцоо их бий. Ээж болон эргэн тойрны хүмүүс эрт мэдсэн учраас ойлгож эхэлсэн.
-Гэр бүлийнхэн чинь чамайг мэддэг үү?
-Манайхан мэддэг болохоор айж ичээд байдаггүй. Гэр орныхон нь ойлгохгүй хэцүү амьдарч байгаа олон хүн бий. Насан туршдаа хүлээн зөвшөөрөгдөхгүй адлуулж явсаар бурхны оронд одсон хүмүүс ч байна. Эрт хүлээн зөвшөөрөгдвөл бие даах чадвар илүү болдгийг сайн ойлгож байна. Хэчнээн хичээгээд ч тавилангаасаа зөрж болохгүй энэ амьдралыг яалтай ч билээ. Хамгийн гол нь гэр бүлийнхэн нь ойлгодог байх хэрэгтэй.
-Ижил хүйстнийг олонхи хүн үзэн яддаг. Ингэхэд өөрийнхөө хувь тавиланд харамсдаг уу?
-Ертөнц дээр амьд төрлийг олсондоо ямар ч хүн харамсдаггүй биз дээ. Үүнтэй л адил би гей болсондоо харамсдаггүй. Хорвоогийн тоосыг хөдөлгөөд амьдарч чадаж байгаа юм чинь юунд нь харамсах вэ дээ. Харин ч алдаа дутагдлаа засч урагшаа харж алхаж чаддаг юм байна. Ёстой л хүмүүсийн хэлдгээр “хялалзах тусам гялалзана” гэдэг шиг байх учиртай. Биеэ сайхан авч явах тусам хүмүүс намайг зөвшөөрөх болно. Хажууд нь гялалзаад өнгө ороод байвал хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй шүү дээ.
-Хайртай залуутай амьдардаг уу?
-Хамт амьдардаггүй. Гэхдээ бие биеэ олоод 15 сар болж байна. Бид сайхан байгаа. Миний найз залуу их сургуульд сурангаа бизнес эрхэлдэг нуугдмал хүн бий. Нуугдмал байна гэж би хэлдэггүй. Манай хүн ч намайг илэн далангүй гэж гоочилдоггүй. Гол нь бидний дунд хэмжээлшгүй их хайр байдаг даа.
-Ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ. Байнгын үзэн ядалтаас айдаг уу?
-Ирээдүйнхээ амьдралыг сайхнаар төсөөлдөг. Эрч хүч, хүсэл тэмүүлэл, мэдлэг боловсрол байгаа учраас дээшээ гарна гэж боддог. Тэр дундаа хүмүүсийн сайн сайхан амьдралын төлөө их зүйл хийнэ. Ядуу, өнчин хүүхдэд тусалдаг буяны байгууллага байгуулах зорилготой. Нууцгүй хэлэхэд гей гэхээр магадгүй зарим нь сексийн амьдралыг нь сонирхдог. Уг нь хүний мөн чанар дотоод сэтгэлийг нь ойлгохыг хичээгээсэй.
-Бэлгийн замын халдварт өвчин, цаашлаад ХДХВ/ДОХ-оос хэрхэн хамгаалдаг вэ. Бэлгийн цөөнхийг халдварт өвчинд өртөх магадлал өндөр гэдэг.
-ХДХВ/ДОХ-оос сэргийлэх найдвартай арга бол бэлгэвч. Хайртдаа үнэнч байх нь чухал. Ингэж чадвал халдварт өвчнөөс холуур байна. Бэлгэвч хэрэглэх энгийн асуудал. Түүнийг задлаад хэрэглэж чадахгүй бол хохь чинь гэхээс өөр аргагүй. Бэлгэвч гадуур хямдхан худалддаг. 100-1500 төгрөг. Ширхэг тамхины л мөнгө. Архи авч уудаг хэрнээ бэлгэвч халаасалж явда-гүй хүнийг би ойлгодоггүй юм. Дахин хэлэхэд бэлгэвч л ХДХВ/ДОХ-оос хамгаална.
-Гадаадад амьдрах бодол бий юу?
-Монголчууд биднийг ойлгодоггүй нь үнэн. Гэхдээ харамсахгүй ээ. Гадагшаа явъя гэж боддог байлаа. Харин сүүлийн үед эх орондоо амьдаръя гэж боддог болсон. Өөрчлөлт, шинэчлэл хурдан явагдаж байна. Баялгаа ашиглаж чадвал дэлхийн баян орны тоонд орно. Эх орноо улам сайхан болоод байхад Монголоосоо явна гэдэг утгагүй. Хэдий гей ч бид хүмүүстэй адилхан эрхтэй. Хуулиар зөвшөөрөхгүй байсан ч Монголдоо амьдарна.
-Нуулгүй хэлэхэд чи царайлаг юм аа…
-Баярлалаа. Хүмүүс өөр өөрийнхөөрөө хүлээн авдаг. Зарим нь зэвүүн гей гэж зэвүүцэж байхад нөгөө нь чи их нийтэч байна гэдэг. Харин царайлаг гэдэг үгийг би хайртай хүнээсээ сонсч байлаа.

-Үр удмаа үлдээх талаар ямар бодолтой явдаг вэ. Магадгүй нэг л өдөр аав, ээж тань ачаа нэхвэл яах вэ?

-Үнэнийг хэлэхэд би энэ талаар шийдвэр гаргаагүй. Үлдээх хэрэгтэй ч юмуу даа.
-Яагаад?
-Би ээж, ааваасаа олуулаа. Тэд маань ээжид ач, зээг нь үзүүлж байна. Дээр хэлсэнчлэн манай гэрийнхэн намайг мэддэг учраас хүүхэд нэхдэггүй. Ер нь би энэ талаар их бодсон. Нийгмийн ялгаварлан гадуурхалт их байна. Цаашид багассан ч гэлээ ямар нэг хэмжээгээр байсаар л байна.
-Сүүлийн асуултыг чамд үлдээе?
-Энэ боломжийг ашиглаад нэг шүлэг хэлье.
…Би мянга мянган ижийн нэгний хэвлийд бүрэлдэж мэндэлсэн
Бусдын адил
Би инээдэг, уйлдаг
Бусдын л адил
Би хайрладаг, хайрлуулдаг
Бусадтай адил
Би бас хожим хэзээ ч юм төгсөхөө мэддэг
Бусдын адил
Би эр хүнийг хайрлах мэдрэхүйгээрээ л
Бусдаас өөр
Бусдад чичлэгдэх шалтгаан минь өчүүхэн,
Богинохон амьдралын замналд минь өргөс шаваастай…
хэмээн бичсэн М.Энхриймаагийн “Бусдын адил” шүлгээр ярилцлагаа төгсгөе. Мөн намайг бусдын адил бодож үгийг минь сонссон Танд баярлалаа.
Б.Даариймаа
Монголын Үнэн

No comments:

Post a Comment